Технологийн дэвшлийг гайхуулсан медиа үзэсгэлэн

2022-06-17 69 0

ран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг бишгүй л олон удаа үзэж байлаа. Сонгодог хөгжмийн намуухан эгшгийг сонсож, зургийн утгыг эрж, зураачийн илэрхийлэх гэсэн санааг тунгаан бодох агшин.

Харин энэ удаад тэс өөр үзэсгэлэнгээр зочлов. Хар хөшгөөр тусгаарласан олон өрөө, өрөө болгонд дэлгэц ашигласан медиа бүтээлүүд. Тэдгээрийг гайхан, ярилцах гадаад, дотоодын сонирхогчид.

Энэ бол Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын наадмын хүрээнд гаргаж буй медиа үзэсгэлэн юм.

Монголын урлагийн зөвлөл “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулдаг бөгөөд өдгөө долоо дахь жилдээ  “Дархлах тун” сэдвийн хүрээнд зургаадугаар сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот болон Сайншанд суманд зохион байгуулж байна.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Цар тахлаас хойш уран бүтээлүүд холимог шинжтэй болж эхэлсэн. Зөвхөн зураг зурдаг биш, зураг, дүрс, дуу бичлэг гээд энэ бүхнийг нийлүүлсэн бүтээлийг холимог урлагийн бүтээлийг хийж байна. Ингэхдээ өөрийн бүтээл хийдэг төрлөөс өөр төрлийн бүтээл хийдэг уран бүтээлчидтэй хамтрах сонирхолтой байгаа юм. Тийм учраас энэ энэ удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа наадмаар эрэл хайгуул хийсэн, өөрийгөө сорихыг хүссэн уран бүтээлчдэд боломж олгосон үзэсгэлэнг олон газар гаргаж байгаа.

Тухайлбал, бид наадмын эхний үзэсгэлэнгээ Занабазарын музейд зургаан уран бүтээлчийн бүтээлийг гаргаж хийж байгаа нь энэ.

Наадам гэдэг зүйл авьяас дээр тогтдог. Тиймээс уран бүтээлчдээ танилцуулах, тэдний уран бүтээл хийх эрэл хайгуулд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг нь дээшлүүлэх зорилгоор бид “Улаанбаатар” Олон Улсын медиа наадмыг зохион байгуулдаг юм” гэлээ.

Виртуал хариуцагч М.Батзориг “Медиа урлаг гэдэг бол монголчуудын хувьд шинэ ойлголт. Орчин үеийн виртуал урлаг хэрхэн хөгжиж байгааг энэ үзэсгэлэнгээс харж болно.Өмнөх жилүүдэд наадамд гаднын уран бүтээлчдийн бүтээлийг олон оролцуулдаг байсан. Харин энэ жилийн тухайд монголынхоо залуу уран бүтээлчдийг түлхүү оролцуулж, тэднийг дэмжиж байгаа юм” гэлээ.

“Улаанбаатар” медиа наадмын онцлох, дараагийн үйл явдал нь “Арт кемп” галт тэрэгний аялал юм. “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран  зургаадугаар сарын 17-19-ний хооронд зохион байгуулж буй Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялж, Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын  уран бүтээлчид үзэсгэлэнгээ толилуулах аж.

Үүний дараа Улаанбаатар хотод “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр доогуур” бүтээлээр үргэлжлэх бол үйл явцын турш уран бүтээлчид “Урлагтай яриа” өрнүүлж, хөгжмийн өнгөт ертөнцөөр DJ Хөх Жим (MMP), Номт, Demi Moors, Adrien de Ville нар аялуулах юм.

 МЕДИА ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Холбоотой мэдээ

`