Дэлхий дахинаа алдаршсан Өмнөд Солонгосын BTS хамтлаг энэ сарын 10-ны өдөр “Proof” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргасан юм.
Тэгвэл энэ өдөр тус хамтлагийн Хятадын Вэйбо сүлжээний “V Bar” нэртэй фэн хуудас 170,000 гаруй хувийг бөөнөөр худалдан авч, 4.5 тэрбум воныг ($3.5 сая) төлжээ.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгосоос Хятадад гаргасан K-pop экспортын нийт хэмжээ $41.5 сая хүрч байсан юм. Энэ нь өмнөх жилээсээ 2.6 дахин өссөн үзүүлэлт байсныг Солонгосын гаалийн албаны тоо баримт харуулж байна.
Харин BTS хамтлагийн цомгийн эхний нэг өдрийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны K-pop салбарын Хятадад хийсэн нийт экспортын 1.5 орчим хувь болжээ. Зөвхөн “V Bar” хуудасны захиалга Хятадын нийт фэнүүдийн захиалгын 40 орчим хувь болсон байна.
1.7 сая дагагчтай “V Bar” хуудас нь BTS хамтлагийн 26 настай гишүүн V-гийн фэнүүдийнх юм байна. Тус хуудас 2019 онд BTS-ийн шинэ цомгоос 150,000 хувийг худалдаж авах $1.75 саяын захиалга өгч байсан нь өмнөх дээд амжилт байжээ.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид K-pop урлагийн нөлөөг хязгаарлах бодлого барьж байгаа ч Хятадын фэнүүдийн эрэлт өндөр хэвээр байгааг энэ явдал харуулж байна. Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын THAAD агаарын довтолгооноос хамгаалах системийг нутагтаа байрлуулах болсны дараа 2016 оноос хойш Хятадын эрх баригчид K-pop урлагийн дотоодын зах зээл дэх нөлөөг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн юм.
“Proof” цомог худалдаанд гарсан эхний өдрөө нийт 2.75 сая хувь борлогджээ. Тус хамтлагийн 2021 онд гаргасан “Butter” цомгийн нийт борлуулалт K-pop салбартаа тэргүүлж байсан бол “Proof” цомгийн зөвхөн эхний өдрийн борлуулалтын хэмжээ үүнээс 500,000-аар давжээ.
Эх сурвалж: South China Morning Post
0 cэтгэгдэлтэй