Шведийн ерөнхий сайд 300 жилийн өмнө бичсэн захидлын хуулбарыг Украины ерөнхийлөгчид бэлэглэжээ

2022-07-06 226 0

Даваа гарагт Украины нийслэл Киев хотод айлчилсан Швед улсын ерөнхий сайд Магдалена Андерссон түүхийн нэгэн ховор баримтыг ерөнхийлөгч Володимир Зеленскийд бэлэглэжээ.

Энэ нь одоогоос 300 гаруй жилийн өмнө Шведийн хаан XII Карлын элчин сайддаа бичсэн захидлын хуулбар юм байна.

Карл хаан 1711 онд бичсэн захидалдаа Запорожийн козакуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх даалгаврыг Константинополь хотод суудаг элчин сайддаа өгч байжээ.

Запорожская Сечь гэгддэг байсан түүхэн нутаг нь одоогийн Украины нутаг дэвсгэр, Днепр мөрний өмнөд хэсэг юм. Тухайн үед Запорожийн козакууд энд өөрийн улсыг байгуулж, тусгаар тогтнохын төлөө тэмцэж байжээ.

Тэд Крымийн татарууд, Оттоманы Турк, Оросын эзэнт гүрний эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж байсан юм. Сүүлд 1775 онд Екатерина хатан хааны шууд тушаалаар Оросын цэрэг Запорожийг хүчээр өөртөө нэгтгэж, сүүлд козакуудыг нутаг заан нүүлгэж байжээ.

“Шведийн Үндэсний Архивт хадгалагддаг 1711 онд бичигдсэн захидлын хуулбарыг би гардуулан өгч байна. XII Карл хаан захидалдаа Запорожийн Сечийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх даалгаврыг Шведийн элчин сайдад өгсөн байгаа юм. Энэ нь Москвагийн эзлэн түрэмгийллээс хамгаалах зорилготой байв. Энэ захидлын утга агуулга өнөөдрийн нөхцөлд ч тохирч байгаа гэж би бодож байна. 300 гаруй жилийн дараа ч Украинд тусгаар тогтнол, ардчиллын үйл явц өрнөж байна” гэж ерөнхий сайд Андерссон хэлсэн байна.

Тэрбээр цааш нь “Оросын эзлэн түрэмгийлэл зогсох ёстой. Бид энэ дайныг Украиныг дэмжиж, Оросын эсрэг хориг тавих замаар зогсооно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Интерфакс, ТАСС

Холбоотой мэдээ

`