Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна

2022-07-07 230 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Үндсэн чиглэлийн 685 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.

Богино эргэлтийн чиглэлүүдийн төлөвлөлт /үнэгүй/

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗӨВХӨН КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас  их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг  чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ТАКСИ ЗАМ ХААСАН ЧИГЛЭЛД Ч ЗОРЧИНО

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

 

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадмын эхний хоёр өдөр  Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Холбоотой мэдээ

`