П.Сайнзориг: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй заалтыг Эрүүгийн хуульд оруулна

2022-12-14 173 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНДБ П.Сайнзориг “Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан шаардлага энэ хуульд туссан. Нэгт, авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг иргэд хэлсэн байгаа. Монгол Улсын нэгдэж орсон авлигын эсрэг конвенцод нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээдэггүй тохиолдлууд гардаг. Эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолоод эхэлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институц бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татах бололцоог энэ хуулиар бүрдүүлж байна. Ингэснээр халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Сонгуулийн дараа ч юмуу тодорхой албан тушаалтнууд буусны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагыг ярих юм.

Хоёрт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх заалтыг Эрүүгийн хуульд оруулж байна.

Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргээс торгох ялыг хаслаа. Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан. Маш их хэмжээний авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгууллаа шударга юм уу гэдэг шүүмжлэл иргэдийн дунд гардаг. Энэ асуудалд хариулт өгөх үүднээс торгох ялыг хассан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах заалтуудыг оруулж байна. Ямар ч тохиолдолд гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураах хуультай. УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгахаар Авлигын эсрэг хуульд оруулж байна” хэмээн тайлбарлалаа. Нийтийн албан тушаалтан өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгөтэй, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байхад хууль эрх зүйн орчинд анхааръя гэдэг чиглэлийг Засгийн газраас өгсөн” гэв.

Холбоотой мэдээ

`