Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотын хэмжээнд 48 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 2022 оны 12-р сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд тохиолдлын тоо 1,007,118 болов. Үүнээс 560,152 буюу 55.6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот болон 11 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 79 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа бол 2135 хүн ковидын хүндрэлээр нас барсан хэмээн ЭМХҮТ-өөс мэдээлэв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмч Ц.Батцэнгэлээс цаг хугацаа өнгөрөх явцад өвчтөнд илрэх ковидын шинж тэмдэг хэрхэн өөрчлөгдөж буйг тодруулахад,
Тэрбээр, Ковидын халдвар нь агаар дуслын замаар дамжин халдварладаг учир хэн ч өвчилж болно. Агаарт ковидын вирус эргэлдэж байгаа ба халдварлалт өндөртэй өвчин. Хүндрэх, нас барах эрсдэл нь вирусийн халдварын эрсдэлт бүлэг болох 60-65-аас дээш насныхан болон зүрх судасны эмгэг, элэгний өвчтэй, дархлаа дарангуйлагдах эм, эмчилгээнд орсон, эрхтэн шилжүүлэн суулгуулсан зэрэг хавсарсан өвчтэй хүмүүс илүү өртөмтгий. Ийм хүмүүс халдварт өртөхгүй, өвдөхгүйн тулд өвөрмөц сэргийлэлт буюу ковидын вакцин хийлгэх хэрэгтэй.
Өвөрмөц бус хамгаалалт нь амны хаалт зүүх, вирусийн халдварыг биедээ оруулах замыг хаах шаардлагатай юм. Нөгөө талаар биеийн дархлааг сайн байлгахын тулд шим тэжээллэг хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, хангалттай унтаж амрах зэргээр өвчлөлөөс сэргийлэх шаардлагатай. Хүйтний эрч чангарч буй өвлийн энэ цаг үе нь ковид төдийгүй бүх вирусийн халдварын тархалт хамгийн өндөртэй үе.
Ковидын шинж тэмдэг илэрсэн хэр нь PCR шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдол сүүлийн үед элбэг байна. Амт, үнэр мэдрэхгүй болох шинж тэмдэг зөвхөн ковидын үед илэрдэг. Ийм шинж илэрсэн атлаа түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдол их байна. Тэгэхээр ковидын шинжилгээний хариуд 100 хувь итгэж болохгүй. Эмнэлзүйн шинжээр нь ковид гэж оношилж болно гэв.
0 cэтгэгдэлтэй