“Х.Баттулгад “Хувийн баталгаа гаргах” гэсэн хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан”

2022-12-19 150 0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2022.12.18/ 10:00 цагийн үед хилээр гарч явсан. Энэ асуудалтай холбогдуулан ХҮН намаас мэдээлэл хийлээ.

ХҮН намын хуульч Д.Үүрцайх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тодорхой хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан олон шатлалтай таслан сэргийлэх арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон Прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог “Хувийн баталгаа гаргах” гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Х.Баттулга өмнө нь АТГ-т мэдүүлэг өгөхдөө энэ сарын 18-ны өдөр гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлага гэдэг мэдээллийг өгчээ. Нүүрсний хулгайн хэргийн толгойлогч нь гэж хэлж болохоор ийм хүнд “Хувийн баталгаа гаргах” гэдэг хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан бэ. Хэрвээ Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол АТГ-ын мөрдөгч, Ерөнхий прокурор хариуцлага хүлээх ёстой.

Мөн анхаарал татаж буй дараагийн асуудал бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан уу. Өөрөөр хэлбэл Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдал тогтоогдсон бол хариуцлагын асуудал яригдах ёстой гэдгийг хэллээ.

Эргэн сануулахад АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдсон 17 хүний нэрийг өнгөрсөн мягмар гарагт зарласан. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр 17 хүний нэрсийн дунд байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт АТГ-т газарт очиж нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байцаалт өгсөн билээ.

Холбоотой мэдээ

`