Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв

2023-01-18 141 0

ОХУ-ын тэнгисийн флотын цорын ганц тээвэрлэгч хөлөг онгоц “Адмирал Кузнецов” цаашид ашиглагдахад тун хэцүү болжээ.

Үүнийг засварласнаас шинийг авсан нь илүү хямд зардалтай гэж Оросын зарим улс төрчид үзэж байна.

Тухайлбал Төрийн Думын гишүүн, Алс Дорнод, Туйлын бүс нутгийн асуудал хариуцсан байнгын хорооны дэд дарга Сергей Каргинов хуучирсан тээвэрлэгчийг бүрмөсөн хаяж, Хятадаас хуучин Зөвлөлтийн үеийн “Варяг” тээвэрлэгчийг авах санаа гаргажээ.

Тэр бас үүнийгээ талийгаач улс төрч Владимир Жириновскийн нэрээр нэрлэх санал гаргасан байна.

“Варяг” бол “Адмирал Кузнецов” хөлөгтэй нэг үед үйлдвэрлэгдсэн тээвэрлэгч онгоц юм.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарч, Орос, Украин улсууд Хар тэнгисийн флотыг хувааж авахад Варягийг Украины тал авчээ.

Дараа нь Украины эрх баригчид түүнийг Хятадын нэг бизнесмэнд $20 саяар зарсан юм.

Хөвдөг казино болгох зорилгоор худалдаж авсан гэгддэг ч сүүлд Хятадын тал үүнийг шинэчлэн сайжруулж, өөрийн анхны тэнгисийн тээвэрлэгч хөлөг Ляонингийг болгосон байна.

2012 онд ашиглалтад орсон Ляонинг 40 сөнөөгч онгоц тээвэрлэх багтаамжтай хөлөг болж байжээ.

Хятадын арми 2019 онд хоёр дахь тээвэрлэгч хөлөг болох 60,000 тонны даацтай Шандоныг ашиглалтад оруулсан юм.

Дараа нь 2022 онд өөрийн зохион бүтээсэн анхны тээвэрлэгч Фужяныг үйлдвэрээс нь гаргажээ.

80,000 тонны даацтай Фужян нь АНУ-ын цөмийн хөдөлгүүрт тээвэрлэгчидтэй хэмжээ, багтаамжийн хувьд дөхөж очсон байна.

Харин анхны тээвэрлэгч Ляонинг нь одоо бэлтгэлийн хөлөг болж хувираад байгаа.

Энэ хуучин хөлгийг худалдаж авах санааг Каргинов гаргасан юм.

“Уг хөлөг нь Зөвлөлтийн үед гол тээвэрлэгч болж байсан. Зөвлөлт задарсны дараа Украин түүнийг төмрийн хаягдал болгон хэдхэн шил водканы мөнгөөр зарчихсан” гэж Каргинов ярьжээ.

1985 онд ашиглалтад орж байсан “Адмирал Кузнецов” олон удаа гэмтэж, галд шатаж, осолдож байсан түүхтэй.

2012 онд хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон түүнийг Францын эргээс чирч боомтод нь авчирч байв.

2018 онд засварт орж байх үед өргөгч кран дээрээс нь унаж, хэтэгт нь нүх гаргаж байжээ. 2019 онд тус хөлөг дээр томоохон гал гарахад нэг хүний амь үрэгдэж байсан юм.

Саяхан бас нэг гал түймэр гарахад Оросын эрх баригчид “бага хэмжээний хохирол” гарсан гэж мэдээлж байв.

“Амирал Кузнецов” одоо өөрийн хөдөлгүүрээр явах байтугай чирүүлсэн ч живэхээр хүнд байдалтай байгаа гэсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: news.ru

Холбоотой мэдээ

`