Хонгконг олон улсын жуулчдад 500 мянган нислэгийн тийз үнэгүй тараана

2023-03-01 156 0

Хэрхэн Хонконг руу аялах үнэгүй тийзийн эзэн болох вэ?

500,000. Энэ бол Хонконгоос дэлхий дахины жуулчдад үнэгүй өгөх нислэгийн тийзийн тоо. Дөнгөж энэ долоо хоногт амны хаалт заавал зүүх журмаа цуцлаад буй тус хот зогсонги байдалд орсон эдийн засаг, тэр дундаа аялал, жуулчлалын салбараа сэргээхийн тулд “Cathay Pacific”, “HK Express”, “Hong Kong Airlines” зэрэг нислэгийн томоохон компаниудаараа дамжуулан өгөөмөр арга хэмжээ авахаар болжээ.

Өнөөдрөөс эхлэн эхний ээлжид Тайланд, Сингапур зэрэг ойролцоо орших улсын иргэдэд үнэгүй тийз тараах бол дөрөвдүгээр сард БНХАУ, зуны саруудад Зүүн Азийн бусад улс, яваандаа дэлхийн бусад орны жуулчдыг хамруулах юм байна. Ингэхдээ улс бүрд ялгаатай тооны тийз хуваарилсан бөгөөд тухайлбал: Эх газрын Хятадад 80 мянга, Тайландад 17 мянга 400, Вьетнамд 8800 гэх мэтээр олгох аж.

Яаж тийз авах вэ гэж үү? “Cathay Pacific”-ийн хувьд веб сайтад нь бүртгүүлээд гурван тааварт зөв хариулах ёстой бөгөөд ялагчдыг дөрөвдүгээр сарын гурванд зарлана.

Харин “Hong Kong Airlines”-аас веб сайтад түрүүлж бүртгүүлсэнд нь тийз өгөх зарчмыг баримтлах аж. Хөтөлбөрт хамрагдах жуулчдад 18-аас дээш настай байх, аяллын татвар, нэмэлт төлбөрийг өөрөө төлөх нөхцөл тавьснаас гадна тийзийг буцаах, зарах, бусдад шилжүүлэх боломжгүй.

Үнэгүй тийз авсан бол Хонконгт багадаа хоёр хоног, ихдээ долоо хоног саатах боломжтойг “Cathay Pacific” мэдээлжээ.

Холбоотой мэдээ

`