Ердөө нэг долоо хоногийн өмнө АНУ-ын дөрвөн иргэн Мексикийн хилийн боомтоор нэвтэрмэгцээ гэмт этгээдүүдэд хулгайлагдаж, хоёр нь алагдсан билээ.
Тэгвэл Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр өөрийн улс орныг АНУ-аас ч илүү аюул багатай хэмээн мэдэгджээ.
Дээрх хэргээс гадна Холбооны Мөрдөх Товчоо өнгөрсөн долоо хоногт Техас мужийн Пенитас хэмээх жижиг хотын оршин суугч гурван эмэгтэй Мексикт сураггүй алга болоод нэг жил гаруй хугацаа өнгөрч буйг мэдээлсэн юм.
“Мексик бол АНУ-аас илүү аюулгүй орон. Мексикт аялж жуулчлахад ямар ч аюул байхгүй. Манай оронд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийг эсэргүүцдэг АНУ-ын консерватив улс төрчид Мексикийн эсрэг суртал ухуулга явуулдаг. Улс төрчдөөс гадна Америкийн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний эсрэг ажиллаж байна. Тэдний сурталчилдаг хүчирхийлэл бодитой зүйл биш. Энэ бол цэвэр заль мэх” гэж Обрадор өчигдөр өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Одоогоор АНУ-ын төрийн департамент хар тамхины картелууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Мексикийн 32 мужид огт аялахгүй байхыг иргэддээ зөвлөдөг. Өөр долоон мужид зайлшгүй бус тохиолдолд аялахгүй байхыг зөвлөдөг юм.
Мексик улсад 100,000 хүнд тутамд оногдох аллагын тоо 28 байдаг бол АНУ-д үүнээс дөрөв дахин бага буюу долоо байдаг.
Обрадорын мэдэгдлээс нэг хоногийн өмнө Мексикийн Гуанахуато мужийн нутаг дэвсгэрт орших шөнийн клубт гарсан зэвсэгт халдлагын үеэр найман хүн алагдаж, долоон хүн шархадсан тухай орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлсэн юм.
Аллага гарсан Апасео Эль Гранде хот нь олон жилийн турш хар тамхины картелуудын цуст дайны талбар болж байгаа ажээ.
Эх сурвалж: Associated Press
0 cэтгэгдэлтэй