Стивен Сигал: Би 100 хувь Оросыг дэмжигч, 1,000,000 хувь Орос хүн

2023-03-17 143 0

Энэ долоо хоногийн Мягмар гарагт Москва хотын Пушкиний музейн их танхимд “Оросыг дэмжигчдийн Олон Улсын Хөдөлгөөн” хэмээх байгууллагын анхдугаар чуулган зохион байгуулагдаж, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон юм.

Уг арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улсаас 90 орчим төлөөлөгч оролцсон байна. Тэдгээрийн дотор Америкийн кино од Стивен Сигал, Францын төрийн зүтгэлтэн Шарль Де Голийн ач хүү, Италийн язгууртан угсааны гүнж гэж өөрийгөө өргөмжилдөг эмэгтэй зэрэг олны танил хүмүүс байжээ.

Оролцогчдын нэлээд хэсэг нь “дэлхий дахинд Англо-Саксончууд ноёрхлоо тогтоох гэж байна” гэж үздэг хуйвалдааны онолчид байсан юм.

Орос-Америкийн соёлын харилцааны тусгай элч өргөмжлөлтэй Стивен Сигал чуулганы үеэр болсон хэвлэлийн хуралд оролцохдоо “Би бол 100 хувь Оросыг дэмжигч, 1,000,000 хувь Орос хүн” гэж хэлжээ.

Өөрийгөө Италийн гүнж гэдэг 70 гаруй настай Витториа Аллиата ди Виллафранка орчин үеийн шинэ колоничлолыг “Оросын эсрэг үзэл” гэж нэрлэдэг болсныг хэлээд Англо-Саксончуудын түрэмгийллийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сицили аралд АНУ-ын цэрэг газардсан үйл явдалтай зүйрлэсэн байна.

Тэрбээр Оросын сүүлчийн эзэн хаан Романовын гэр бүлтэй ураг төрлийн холбоотойгоо энэ үеэр ярьжээ.

зураг

Францын төрийн нэрт зүтгэлтний ач хүү Пьер де Голь “Миний өвөө Оросын ард түмэн, удирдагчдын талаар гүнзгий мэдлэгтэй нэгэн байсан. Тэрбээр Европ болон Франц улс Оростой холбоотон байх газарзүйн шаардлага, ашиг сонирхлыг маш сайн мэддэг байв” гэж ярьсан байна.

Чуулганд оролцсон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров илтгэлдээ “Бид зөвхөн нео нацизмыг биш, Европын олон орныг хамрах болсон шууд нацизмыг харж байна. Нүдний өмнө түүх хэрхэн сүйрч, ариун дурсгалт газрууд нурж байгааг бид харж байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

`