УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг батлав

2023-05-31 107 0

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгажээ.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах талаар санал хураалт явуулахад 62 гишүүн буюу 91.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталлаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болов.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлав.

Мөн Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

14:45 2023/05/31

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн тоотой холбоотой асуудлаар “Манай улсын хөгжил гишүүдийн тоондоо биш хүндээ байгаа юм. Монгол хүн Монгол Улсаа хөгжүүлсэнгүй. Хоцрогдлын гол шалтгаан нь хүний хөгжилтэй холбоотой. Төр бодлогоо зөв тодорхойлоод зохицуулалтаа сайн хийж чадвал хөгжиж байна.

Улс төрийн шинэчлэлийн эдийн засгийн шинэчлэлтэй хамтарч хийх ёстой. Төрийн бодлого 30 жилийн хугацаанд яагаад хоцрогдсон тухайд дүгнэлт хийх ёстой. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоод бүх зүйл сайхан болно гэж бодохгүй байна. Манай улсад уг нь асар их хөгжлийн боломж байна. Гэтэл ийм ядуу байгаад байж болохгүй. 2000 оноос хойш ажиглалаа. Энэ талаар ярихгүй байна.

УИХ-ын гишүүдийн тоо 76 байснаас болж манай улс хөгжлийн хоцрогдолд ороогүй. Төрийн бодлого буруу, хүнтэй ажиллах ажиллагаа байсангүй. Үүнээс болж Монгол Улс хоцрогдсон гэдгийг хэлмээр байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

09:57 2023/05/31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ долоо хоногт ҮХНӨ-ийг эцэслэчихвэл ирэх долоо хоногоос Сонгуулийн тухай хууль яригдана. Уг хуулийг хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан бөгөөд нэг хуулийн төсөл болгож нэгтгээд ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүдийг 126 болгохыг дэмжвэл Сонгуулийн тухай хуульд нарийн заалтуудыг оруулна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квот, нэр дэвшигчдийн зардлыг бууруулах, жагсаалтаар нэр дэвшигч болон гадаадаас сонгуульд оролцох зэрэг асуудал яригдах юм. УИХ дахь намын бүлгүүд тойргоос 78, жагсаалтаар 48-ийг сонгох асуудлыг дэмжсэн” хэмээн ярилаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхдээ нийт гишүүний ирц 75 хувиас доошгүй байх ёстой аж. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг 60 гишүүний ирцтэй эхлүүлэв.

Холбоотой мэдээ

`