Хятадын тэрбумтан сураггүй алга болсны улмаас банкных нь хувьцааны ханш 20 гаруй хувиар уналаа

2023-02-18 162 0

Баасан гарагт Хятадын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкуудын нэг China Renaissance-ын хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр 28.2 хувиар унажээ.

Тус банкны үүсгэн байгуулагч тэрбумтан сураггүй алга болсноос ийм огцом уналт бий болсон байна.

Банкнаас гаргасан мэдэгдэлд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бао Фантай холбоо тогтоох боломжгүй байгааг мэдэгджээ.

“Ноён Бао олдохгүй байгаа нь банкны үйл ажиллагаатай холбоотой эсэх талаар Удирдах Зөвлөлд ямар ч мэдээлэл алга” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Бээжин хотод төвтэй тус банкны нэг салбар Huajing Securities компанийн гүйцэтгэх захирал асан Цон Линийг өнгөрсөн оны намраас эхлэн Хятадын эрх баригчид шалгаж байгаа.

Бао сураггүй алга болоод хэр удаж байгаа талаар мэдээлэл алга байна. Зарим эх сурвалж энэ хугацааг хоёр хоног гэж мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар тус улсын технологи, банк санхүүгийн томоохон компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтаа чангатгах болсон.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн тэрбумтан хэсэг хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болж байв. Тэднийг авлига, татварын зэрэг хэрэгтэй холбогдуулан шалгасан гэх мэдээлэл бий.

Тухайлбал Хятадын Уоррен Баффет гэгддэг Fosun группийн үүсгэн байгуулагч Гуо Гуанчань 2015 онд хэдэн өдрийн турш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болж байжээ.

2020 оны сүүлээр Хятадын хамгийн баян хүн гэгдэж байсан Алибабагийн Жэк Ма гурван сарын хугацаанд олон нийтийн өмнө ил гараагүй юм.

Бао Фан нь Morgan Stanley, Credit Suisse зэрэг банкуудад ажилласныхаа дараа 2005 онд China Renaissance банкийг байгуулж байжээ. Тэрбээр Хятадын технологийн салбарын нөлөө бүхий хөрөнгө оруулагчид тооцогддог юм.

Тенсентийн JD.com-д хийсэн стратегийн хөрөнгө оруулалт, такси дуудлагын Didi, Kuaidi компаниудын нэгдэх гэрээ, хоол хүнс хүргэлтийн Meituan, Dianping компаниудын нэгдэх гэрээ зэрэг бизнесийн томоохон хэлцлүүдийн ард Баогийн банк ажилласан гэдэг.

Мөн технологийн хэд хэдэн компанийг хөрөнгийн зах зээлд гаргаж байжээ.

2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хятадын томоохон интернэт компаниудын 70 хувь нь ажил хэргийн хэлхээ холбоотой байдгийг Бао дурдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

`