Ч.Хүрэлбаатар: 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа нь боломжийн үзүүлэлт

2023-04-05 148 0

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр валютын нөөцтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гарснаас хойш зургаан сар боллоо. Тухайн үед 2.5 тэрбум ам.доллар болж унасан байсан бол 2023 оны гуравдугаар сарын сүүлээр 3 тэрбум 438 сая ам.долларын валютын нөөцтэй болсон.

Монгол Улс энэ оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон. Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж хараад юун дээр анхаарах вэ гэдэг асуудал яригдаж байгаа.

Биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргадаг тусгай гарцуудыг гаргаж хэвшүүлэх ажлыг анхаарч ажиллана. Нүүрсний тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх ажлыг хийх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл урд нь бүртгэлгүй байсан, төлж байгаа татвар тодорхой бус, дутуу төлөгддөг байсан асуудлыг шийднэ. Бүртгэгдсэн гэрээний дагуу тээвэрлэнэ. Биржээр борлуулдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн эхний гурван сарын байдлаар Монгол Улсын инфляцын түвшин 10.6 хувь болж бууж байгаа тэрбээр онцлов.

Түүнчлэн “Валютын нөөц гурван сарынхаа импортыг хангах хэмжээнээс дээшээ байвал сайн гэж үздэг. Тэгэхээр одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байгаа учраас боломжийн гэж үзэж байна. Гэхдээ цаашид валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. БНХАУ-ын эдийн засаг 2023 онд хамгийн багадаа 5%-ийн өсөлт гарахаар байгаа нь Монгол Улсын эдийн засгийг долоогоос дээш хувиар өсгөх боломж бүрдүүлсэн гэж харж байна. Тэгэхээр 2023 он бол энэ боломжийг сайн ашиглах ёстой жил” гэдгийг мэдээллийн төгсгөлд нэмж хэллээ.

Холбоотой мэдээ

`