Н.Учрал: Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг ирэх долоо хоногт нийтэд ил болгоно

2023-04-05 175 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгөв.

Шилэн мэдээллийн сан дээр нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд

  • Яамд 71.56 хувь
  • Төрийн захиргааны байгууллага буюу агентлагууд 51.3 хувь
  • Нутгийн захиргааны 22 байгууллагад 47.3 хувь
  • Нийтдээ мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ил тод болгож байгаа байдал 56.7 хувьтай байгааг тэрбээр мэдээллийн эхэнд танилцуулсан юм.

Түүнчлэн ирэх долоо хоногоос https://shilen.gov.mn дээр нийт мэдээлэл хариуцагч байгууллагын нэрийг өнгөөр ялган жагсааж, байр эзлүүлэн Засгийн газарт шилэн индексийн талаар мэдээллийг хүргэхээр болжээ.

Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан даалгаврыг гаргасан байна.

Үүнд, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж, машин унших форматаар бэлтгэж, ЦХХХ-ны сайд Н.Учралд энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор:

1. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашиглалтын төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл

2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт

3. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хувийн эрхзүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг эхийн нэр, өөрийн авч байгаа цалин хөлс, урамшуулал тухайн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага удирдлагыг сонгон шалгаруулсан журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов

4. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэр

5. Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн явц

6. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаар товч мэдээлэл шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан.

Эдгээр мэдээллийг ЦХХХ-ны сайдад албан даалгаварт заасан хугацаанд хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Засгийн газрын тусгай сангийн удирдлага, захирал нарт тус тус даалгалаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй буюу энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд тухайн төрийн албан тушаалтныг авлигатай тэмцэх газар руу шилжүүлэх аж.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Ирэх долоо хоногт Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, авсан газраа зориулалтынх нь дагуу ашиглан татвараа цаг тухайд нь төлж байгаа байгууллагуудад ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Шилэн ажиллагааны үр дүнд аливаа асуудалд статистик тоон мэдээлэлтэй, илүү бодит ханддаг, ил тод нийгмийг бүтээн байгуулахыг зорьж байгаа. Тийм учраас үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэх, олон нийтийн сүлжээгээр болон нийгмээр яллах байдлыг зогсоох ёстой.

Тусгай хамгаалалттай газартай холбогдуулаад бид өдөр бүр байгаль орчны яамнаас ирүүлж байгаа мэдээллүүдийг шинэчилж, мэдээллийг нэмэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Түүнчлэн Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтраад тухайн газрын төлбөр болон татвар төлөлтийн байдлуудыг татварын системтэй нэгтгэж байгаа аж. Цаашлаад тусгай хамгаалалттай газруудад тухайн иргэн, аж ахуй нэгж газрынхаа төлбөрийг цаг тухайд нь төлж байсан уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох бололцоотой болгохоор болжээ.

Холбоотой мэдээ

`