“Цахим сургалтын гол “хэлмэгдэгч” нь орон нутгийн сурагчид”

2023-12-19 29 0

Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг өвлийн амралт эхэлтэл цахим хэлбэрээр оруулах шийдвэрийг Ням гаригт гаргасан билээ. Тиймээс орон даяар бага ангийн сурагчид гэрээсээ цахимаар хичээлд хамрагдаж байна. Сургуулиудын бага ангийн хичээлийн танхимууд эзгүй байх агаад сурагчид танхимаар хичээллэхгүй тул багш нар ч гэрээсээ ажиллаж байгаа гэнэ. Өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд хүүхдүүд сургуульдаа явахад хүндрэлтэй байгаа ч цахимаар хичээллэх нь сургалтын чанарт муугаар нөлөөлдөг. Тэгвэл бид энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

АлтангэрэлМанайх бага ангийн хүүхэдтэй. Цахим хичээлд хүүхдүүд маань дургүй байдаг. Дээрээс нь хүүхдүүд цахимаар хичээллэхээр гэртээ байж харах хүн хэрэг болдог. Тэр нь л хамгийн хэцүү байдаг.

БиндэрьяаХүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх нь хоёр талтай асуудал. Нэг талаасаа хол гэртэй, унаагүй айлуудад энэ хүйтэнд хүүхдээ зөөх хэцүү байгаа л даа. Нөгөө талаас цахимаар хичээллэхээр бага ангийн хүүхдүүдэд хоцрогдол их гардаг. Дээрээс нь харах хүнгүй болдог. Би өөрөө нэгдүгээр ангийн хүүхдээ өнөөдөр өдөр өнжүүлэхэд нь өгчихөөд л явж байна

МөнхцэцэгИйм аймшгийн хүйтэн үед цахим болгосон нь дээр. Даарч хөрж ханиад хүрч байхаар гэрээсээ хичээллэсэн нь дээр гэж бодож байна. Цахимаар хичээллэх нь үр дүн муутай ч энэ жил шиг арай дэндүү хүйтэн жил бол гэрээсээ л хичээллэсэн нь дээр” гэсэн юм.

Гэвч энэ шийдвэрийн гол “хэлмэгдэгч” нь орон нутгийн сурагчид гэдгийг багш нар хэлж байна. Түгжрэлгүй, утаагүй, автобус унааны хомсдолгүй тэдний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, хичээл сургууль ордгоороо орж байсныг нэг л өдөр цахим болгох шийдвэр гарсанд орон нутгийн багш нар эсрэг байр суурьтай байгаа аж. Тухайлбал, Төв аймгийн Бүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Дуламсүрэн ярихдаа “Энэ шийдвэртэй хөдөө орон нутгийн багш нар огт санал нийлэхгүй байгаа. Хөдөө бол тийм өвчлөл, утаа униар, түгжрэл байхгүй шүү дээ. Цахим хичээл маш их хоцрогдол үүсгэдэг. Хүүхдүүд өөрсдөө танхимын хичээлдээ дуртай байдаг. Тэгээд ч энд нэг айлын гурав, дөрвөн хүүхэд зэрэг хичээлдээ орж чаддаггүй. Утас, компьютер, дата зэрэг нь хүрэлцдэггүй” гэсэн юм.

Цахим хичээлийн хор уршгийг мэдэх орон нутгийн багш нар хөдөө орон нутгийн ажилчдаас санал авахгүйгээр амралтын өдөр гэнэт шийдвэр гаргасанд бухимдалтай байгаа төдийгүй шийдэгдэхгүй олон асуудлынхаа золиосонд боловсролоороо тоглодог энэ үзэгдлийг болиулах хэрэгтэйг хэлж байлаа.

Холбоотой мэдээ

`