Дутуу эрхээ нэхэж, дуу хоолойгоо нэгтгэх өдөр

2024-03-07 55 0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Одоогоос 113 жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашиг, нийгмийн тэгш бус байдлыг өөрчлөх зорилгоор томоохон тэмцэл өрнүүлж байсан нь энэ өдрийн эхлэл болж байв. Эл тэмцэл өнөөг хэр нь үргэлжилсээр, өөрчлөлт, шинэчлэлийг ч эрэлхийлсээр. Нийгмийн хөгжилд эн тэнцүү оролцох боломжийг нэмэгдүүлэх, нийтэд тустай үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, дэмнэхийн төлөөх тэмцэл дэлхийн хаа сайгүй үргэлжилж буй.

Угтаа жендэрийн тэгш байдлыг хангах, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөөх тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд энэ өдрийн утга учир оршиж буй. Тиймдээ ч НҮБ энэ удаагийн “Мартын 8”-ныг “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх: Ахиц дэвшлийг хурдасгах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхий нийтэд уриалж байна.

Манай улсын тухайд эл өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсээр 32 жил өнгөрчээ.

Эмэгтэйчүүд нийгэмд, ажил мэргэжлийн хувьд болон шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоотой байх нь тухайн нийгмийн тэнцвэрт байдлыг хангах гол хөшүүрэг болдог. Гэвч монгол улсад тэгш оролцооны зарчим хангагдаагүй хэвээр. Ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд хүрч чадахгүй байна. Удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог авч үзвэл 30-аас доош хувийн үзүүлэлттэй. УИХ-ын түвшинд ч ялгаагүй квот ярьдаг хэр нь эрэгтэйчүүдийн оролцоо 83 хувьтай байгаа юм. Ерөнхийдөө эдийн засаг, техник технологи зэрэг голлох салбаруудаас эмэгтэйчүүдийг шахаж гаргадаг тогтолцоо энэ нийгэмд ужгирсан хэвээр байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, хүн бүрт боломж байдаг, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө !

Холбоотой мэдээ

`